Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав

                 Эрдэнэбулган сумын 1, 4 дүгээр багийн айл өрх, гудамж хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, заавар зөвлөмж өгөх, зам гарцын судалгаа хийх зорилгоор ГАУС нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Хэлтсийн албан хаагчид Цагаан давааны 01-39 дүгээр гудамж, Ой ан жуулчин нэгтгэлийн гудамж хорооллын 713 айл өрхөөр орж ажиллаа. Айл өрхөд нийтлэг илэрч байгаа зөрчил нь үнс нурмыг ил задгай асгасан, цахилгааны хэрэгслийн ачааллыг хэтрүүлсэн, эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашигласан, пийшин зуухны өмнө үл шатах материал, төмөр байрлуулаагүй, яндангийн залгааг буруу хийсэн, голч нь таарахгүй утсыг холбож ашиглаж байгаа зэрэг зөрчил дутагдал илэрч байна.

DSC01289 DSC01302

DSC_4197 DSC_4200 DSC_4202  DSC_4201

              Мөн ОАЖН-ийн гудамж хорооллын хаягжилтыг эмх цэгцгүй олгосон, хаягжилтгүй байгаа зэрэг нь гал унтраах албаны автомашин түргэн шуурхай хүрэлцэн очиж тусламж үйлчилгээ үзүүлэхэд хугацаа алдах эрсдлийг бий болгож байгааг холбогдох удирдлагууд анхаарах хэрэгтэй байна. Иймд иргэд та  бүхэн өмч хөрөнгө, гэр бүлийнхээ галын аюулгүй байдалд анхаарч:

  • Пийшин зуухны эвдрэл гэмтлийг засварлуулж галын аюул үүсэхээс сэргийлэх
  • Цогтой үнс, хог хаягдлыг үерийн далан суваг шуудуу, хогийн ил цэгт хаяхгүй байх, тагтай битүү саванд хийж хэвших
  • Хашааны доторх хуучин өвс хогийг хяналтгүйгээр шатаахгүй байх, гал алдахаас сэргийлэх
  • Цахилгааны хэрэгслийн эвдрэл гэмлийг мэргэжлийн байгууллагаар засварлуулж, олон цахилгаан хэрэгслийг нэг дор залгахаас зайлсхийх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, шатах цонох зүйл материалаас хол асааж, хяналтгүй орхихгүй байх
  • Бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт нь цоожлохгүй, шүдэнз галаар тоглуулахгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хий буюу газаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)-ыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.