Slide background
Slide background
Slide background

Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдлээ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС

/Шинэчилсэн найруулга/

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр                                                                Төрийн ордон, Улаанбаатар хот

ГУРАВДУГААР БҮЛЭГ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НУТГИЙН  ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА,

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

            15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үүрэг

15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүрэг  хүлээнэ:

15.1.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;

15.1.2.хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэх;

15.1.3.гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

15.1.4.нутаг дэвсгэртээ гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллуулах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;

15.1.5.гал түймэр унтраах аврах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

15.1.6.ой, хээрийн гал түймэр гарсан үед бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн гал түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах, ажлын явцыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

15.1.7.ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй газарт түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв, төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжүүлэх;

15.1.8.гал түймэрт дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээг тодорхой тогтоосны үндсэн дээр ой, хээрийн гал түймрийг унтраах  багаж, техник хэрэгслээр хангах.

            16 дугаар зүйл. Галын  аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх, үүрэг

16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах эрх эдэлнэ:

16.1.1.гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;

16.1.2.гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл авах;

16.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох  байгууллагаас шаардах;

16.1.4.гал түймрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор гал түймрийн даатгалд даатгуулах;

16.1.5.амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт, зөвлөгөө авах;

16.1.6.гал түймрийн улмаас өөрийн өмчид учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

16.1.7.гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт ажиллах;

16.1.8.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлоо онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад  гаргах.

16.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ:

16.2.1.ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;

16.2.2.гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх;

16.2.3.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

16.2.4.гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

16.2.5.ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох.

            17 дугаар зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

17.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах эрх эдэлнэ:

17.1.1.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор  холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс арга зүйн туслалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах;

17.1.2.гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал түймэр унтраах нэгж, улсын байцаагчийг ажиллуулах;

17.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

17.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:

17.2.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох;

17.2.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах;

17.2.3.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах,  цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;

17.2.4.ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

17.2.5.гал түймэр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

17.2.6.гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;

17.2.7.барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал түймрийн аюулын зэрэглэлийг итгэмжлэгдсэн лабораториор  баталгаажуулах;

17.2.8.гал түймрийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний  байгууллагаар тогтоолгох;

17.2.9.гал түймрийн аюулын үнэлгээг энэ хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8-д заасны дагуу хийлгэх;

17.2.10.галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах;

17.2.11.галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагын хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажиллуулах.

17.3.Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ,  хяналтын бүртгэлтэй байна.

            19 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага

19.1.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.

19.2.Гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадгалах /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/, ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.

19.3.Барилга байгууламж, тээврийн хэрэгсэл гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр хангагдсан байна. Анхан шатны багаж, хэрэгслийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

19.4.Барилга байгууламж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах автомат тоног төхөөрөмжтэй байна.

19.5.Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна.

19.6.Барилга байгууламжийн зураг төслийн шийдэл хүчин төгөлдөр мөрдөж байгаа галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт тусгагдаагүй тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

19.7.Барилгын материал, хийц, бүтээц галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал тэсвэржилтийн зэргийг хангасан, итгэмжлэгдсэн лабораториос олгосон гал түймрийн аюулын ангиллын гэрчилгээтэй байна.

19.8.Зориулалтаас хамаарч барилга нэг бүрийн болон нийтийн тусгай   аврах хэрэгслээр тоноглогдоно.

19.9.Гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж  хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах,                                                        худалдах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийхэд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг баримтална.

19.10.Гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын ажилтан нь мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

19.11.Энэ хуулийн 18.9-д заасан хуулийн этгээд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

            21 дүгээр зүйл.Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, хянахад галын аюулгүй байдлыг хангах шаардлага

21.1.Барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөнө.

21.2.Барилга байгууламж, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны зураг төсөл нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр магадлал хийгдсэн байна. Эрх бүхий иргэн нь галын аюулгүйн техникийн мэргэшсэн болон зөвлөх инженер зэрэгтэй байна.

21.3.Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно.

21.4.Барилга байгууламжийн зургийн иж бүрдэл галын аюулгүй байдлын шаардлагыг тусгайлан тусгасан бие даасан бүлэгтэй байна.

21.5.Барилгын зураг төсөлд хийх галын аюулгүй байдлын магадлалыг энэ чиглэлээр мэргэшсэн, тусгай эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

21.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын зураг төсөл, хийгдсэн магадлалд галын аюулгүй байдлын хяналт тавих эрхтэй.

            22 дугаар зүйл.Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага

22.1.Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

22.2.Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.

            23 дугаар зүйл.Барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах, гал унтраах тоног төхөөрөмжид тавих шаардлага

23.1.Гал түймэр унтраах автомат болон галын дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм, дүрмээр батална.

23.2.Барилга байгууламжийн гал түймрээс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамж, зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасны дагуу мөрдөнө.

23.3.Гал түймэр унтраах, мэдээлэх, усан хангамж, утаа зайлуулах агааржуулалтын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байгууллагын хүсэлтээр эрх бүхий хуулийн этгээд  дүгнэлт гаргана.

23.4.Хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

            25 дугаар зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага        

25.1.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан захиргааны шийтгэл оногдуулна:

25.1.1.энэ хуулийн  8.8, 8.9, 9.2, 16.2, 17.2, 18.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох;

25.1.2.энэ хуулийн 9.2, 15.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох;

25.1.3.энэ хуулийн 21.2, 21.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох;

25.1.4.энэ хуулийн 18.3, 18.6, 19 дүгээр зүйл, 21.1, 21.4-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох;

25.1.5.энэ хуулийн 20.1, 23.2, 23.3, 23.4-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тус тус торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

 Хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь www.legalinfo.mn хаягаар орж үзнэ үү.
[LayerSliderWP] Slider not found